1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад бороо орж, Архангай аймгийн Хужирт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Жүгэндэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 193 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 19:23 цагт очиход иргэн Ц-гийн 6х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Булган аймгийн Булган сумын Ачуут багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 05:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар алба хаагчид 2.5 км замыг туулан 05:47 цагт очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай түлээний мод шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км-т, Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 09.11-ний өдрийн 17:00 цагт цурманд оруулсан бөгөөд 09.16-ны өдрийн 18:30 цагт бүрэн унтрааж, тус сумын засаг даргад хүлээлгэн өгсөн.
Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км-т, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км-т, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус түймрийг 09.13-ны өдрийн 18:00 цурамд оруулсан бөгөөд 09.16-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Сонгино сум дахь 274 дүгээр салбарын алба хаагчид түймрийн голомтоос баруун зүгт “Цагаан голын-Ам”, “Шар халзангийн-Эх” гэдэг газарт унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 09.16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ малчин М 09.12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан. 09.16-ны өдрийн байдлаар тухайн газарт үргэлжилсэн усархаг аадар бороо орж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсоны улмаас ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багт иргэн Т, сэтгэцийн өөрчлөлттэй /39 настай, эрэгтэй/ 09.12-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 12:50 цагаас эхлэн сэтгэцийн өөрчлөлттэй иргэн Т /39 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Нефт хангамжийн бааз, Галт-Уул ХХК-ийн тоосгоны үйлдвэр гэдэг газруудаар 10 км-ын тойрогт зохион байгуулж 14:50 цагт аймгаас зүүн зүгт 4 км-т Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын дагуу алхаж явахад нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Нийслэлийн Багануур дүүргийн Баруун байдлаг гэдэг газар /ангийн байрлалаас баруун зүгт 10 км/-т “Барууны гол”-д 4 зорчигчтой суудлын автомашин суусан гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, 10 км замыг туулан 00:33 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн А-гийн жолоодож явсан “Хонда CРВ” загварын суудлын автомашин “Барууны гол”-д сууж, зорчигч Баянзүрх дүүргийн харьяат Н /29 настай, эмэгтэй/, Д /38 настай, эрэгтэй/, Т /34 настай, эмэгтэй/ М /4 настай, эмэгтэй/ нар автомашинаас гарсан байсан бөгөөд тухайн автомашиныг 2 цаг ажиллан татан гаргасан.
Бусад төрлийн осол /аюул/: Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол багийн “Элсэн шанаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ “Хар-Ус” нуурын шаварт шигдсэн адуугаа авах гэж нуур руу завьтай орсон 2 хүн салхинд туугдан эргээс холдсон тул нуураас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 45 км зам туулан 22:20 цагт очиход тус сумын харьяат иргэн Э /44 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар нуурын эргээс 800 метр холдсон байсан тул 09.16-ны өдрийн 00:30 цагт эсэн мэнд нуурын эрэг дээр гаргасан бөгөөд шаварт шигдсэн 30 адууг гаргах ажиллагааг зохион байгуулж, 20 адууг гарган малчин Э-д хүлээлгэн өгч, мөн хорогдсон 10 адууг гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР