1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутгаар бороо, Баянхонгор аймгийн нутгийн зарим хэсгээр нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-22-ны өдөр нутгийн зарим газраар, 23-ны өдөр нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 21-ний өдөр ихэнх нутгаар, 22-ны өдөр нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, 7 дугаар хэсэгт гахайн байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 07:20 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:29 цагт очиход иргэн У-ын 8х25 метрийн хэмжээтэй гахайн байрны дээвэр, үүдний хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 10 гахай, 100 тоорой өртөж хорогдсон.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Ханын материалын 5, 6 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 17:54 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:00 цагт очиход тус байрны гаднах хогийн цэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, 48 дугаар байрны хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 19:46 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:52 цагт очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 3 дугаар багийн Замын 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 17:03 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:06 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Үенч сум. Хөх үзүүр багийн “Дээд зуслан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 345 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 21:27 цагт очиход иргэн Б-ийн 4 тн орчим өвс шатаж байсныг орон нутгийнхантай хамтран 1 цаг 45 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Жаргалтхаан сум. Гичгэнэ багийн “Хөх чулуутын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтахаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 13:40 цагт очиход иргэн Г-ын “Королла филдер” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатсаныг иргэд унтраасан байсныг шалгасан.
Увс аймаг, Тэс сум. 9 дүгээр багийн “Жисүүгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн өмнө зүгт 21 км-т/ өвөлжөө шатсан тухай мэдээллийг 09.19-ний өдрийн 21:25 цагт хүлээн авсан.
Тэс сумын Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан очиж ажилласан. Гал түймэрт малчин Ц-гийн 10х30 метрийн хэмжээтэй малын хашаа, 5х8 метрийн хэмжээтэй гарааш шатсан.
Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Чойбалсан сум. Сүмбэр багийн “Найман хашаатын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 166 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 116 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт цурамд оруулж, 19:45 цагт бүрэн унтрааж, Чойбалсан сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Говь-Алтай аймаг, Халиун сум. Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан.
Түймрийг 09.16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулсан бөгөөд 09.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд цурам доторхи унанги моднуудыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймаг, Улаангом сум. 8 дугаар багийн ”Бага нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 09.19-ний өдрийн 06:00 цагаас иргэн О/2 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 09:00 цагт тухайн хүүхэд гэрээсээ баруун хойд зүгт 7 км-т тус сумын 8 дугаар багийн “Шат” гэдэг газар малчин Б-ын гэрийн ойролцоо эсэн мэнд явж байхад нь түүний эхнэр У олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 09:30 цагт тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. (Тухайн хүүхдийн биеийн байдал хэвийн байна.)
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын хийц бүтээц нурж, хүн дарагдсан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:53 цагт очиход шинээр баригдаж байгаа 3 давхар барилгад цутгалт хийгдэх байх үед тулгуур бэхэлгээ ажилтан Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн А/25 настай, эрэгтэй/, иргэн Ж/21 настай, эрэгтэй/ нар барилгын бүтээцэд дарагдаж, бэртэж гэмтсэн байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТ-ийн эмчид, ослын газрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР