Нийслэлийн хэмжээнд усанд осолдож нас барсан тохиолдлын тоо 3,5 хувиар буурчээ

07.21.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны удирдамж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар 06-ны өдрийн “Үер, уснаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг 2022 оны 07 дугаар сарын 07-оос 09 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж ажиллалаа.

Он гарснаас хойш 2022 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 51 дуудлага мэдээллээр 98 иргэний амь насыг авран хамгаалж, 19 том хүн, 8 хүүхэд усанд осолдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан.

Усанд осолдож нас барсан хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.5%-иар буурсан дүнтэй байна.   

Улаанбаатар хот нь Туул, Тэрэлж, Хэрлэн гурван голын ай сав газар аялал зугаалгын орчин бүхий онцлогтой. Жил ирэх бүр аялал зугаалгын улиралд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад голын усны осолд өртөх иргэдийн тоо өсөх эрсдэлтэй байдаг.  

Иймд нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг цахим орчинд олон нийтэд хүргэх чиглэлээр 27 контентийг шинээр хийж “нийслэлийн Онцгой байдлын газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” фейсбүүк хуудсуудад байршуулж давхардсан тоогоор 1.551.300 хүнд хүргээд байна.

Мөн Налайх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Туул, Тэрэлж гол дагуу иргэд осолдох эрсдэлтэй байршлуудад “Үер усны ослоос сэргийлье”, “Энд усанд орохыг хориглоно.” зэрэг анхааруулах зурагт самбар, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 17, 18, 19 дүгээр хороодын нутаг  дэвсгэрт Гүнтийн пост, Жигжид, Сэлбэ гол бүхий зуслангийн бүсүүдэд “Хүүхдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх” анхааруулах самбар, Багахангай дүүргийн 2 дугаар хороонд байрлах нүүрсний уурхайн карьерын ухсан нүхний хэсэг, Нуурын гэр хорооллын суурьшлын бүсэд тогтсон их хэмжээний усны эрэгт усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг самбарыг шинэчлэн байршуулж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 7 маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  нийт давхардсан тоогоор 2498 алба хаагч, 383 нэгж техник, 210 завьтай үүрэг гүйцэтгэж 67,207 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19,648 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 7107 автомашиныг эргээс холдуулсон.

Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд голын усанд боогдсон 19, автомашинтай голд суусан 34, голын усанд живж байсан 6, нийт 59 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top