1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:00 цагт очиход тус тоотын иргэн Ж-гийн орон сууцны 2 өрөө байрны том өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Мон Кейк” ХХК-ийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:25 цагт очиход тус компанийн хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:11 цагт очиход иргэн Г-гийн 2 метр орчим хашаа, хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал баг, “Ашид” зоогийн газрын дэргэд том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:40 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинд ачаатай байсан 1 тн нүүрс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж багийн “Цэцэрлэг” хороололд иргэн Б-гийн 5 ханатай гэр, тавилгын хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 09.20-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, тавилгын хамт, иргэн Э-гийн 1.5 метр хашаа тус тус шатаж байсныг 39 минут ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:36 цагт очиход иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 23:06 цагт очиход иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Найман хашаатын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 166 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 116 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Чойбалсан сум дахь Цагааннуурын заставын алба хаагчид ажиллаж, 17:40 цагт түймрийг бүрэн унтраасан.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Буян-Өлзийт баг “Далан хар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, хадлан хадаж байсан иргэд ажиллаж, 18:00 цагт түймрийг бүрэн унтраасан. Тус түймэрт иргэн Н-ийн “Элф” загварын ачааны автомашин бүрэн шатсан бөгөөд 20 га хээрийн талбай шатсан.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Түймрийг 09.16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 09.20-ны өдрийн 17:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Хүйтний голын “Бичигт хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 80 км замыг туулан 16:45 цагт очиж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин баг, Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км /-т ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 100 км замыг туулан хоноглож, 09.21-ний өдрийн 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. /Зам бартаа саад, намаг, ус ихтэй байна гэж мэдээлсэн/.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрны 5 дугаар давхрын тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:00 цагт очиход тус байрны оршин суугч Н /22 настай эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 5 дугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгаж, 11:23 цагт тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Цагаан тэмээт” гэдэг газар уулнаас цогцос буулгах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 09.20-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 12:57 цагт очиход тус дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг аврах олс, дамнуурга ашиглан уулнаас буулгаж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР