Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн бэлчир болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 24, 25-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, нутгийн хойд хэсгээр зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 25, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Жирмийн 7 дугаар гудамжинд 09.22-ны өдрийн 16:50 цагийн орчим гэр, эд хогшлын хамт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:08 цагт хүлээн авсан.  Гал түймэрт иргэн Э-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Аргатай багийн 2 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвд/ 09.22-ны өдрийн 17:00 цагийн орчим 2 гэр, 1 суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Иргэн Д-ийн 5 ханатай 2 гэр, “Ист” загварын суудлын автомашин шатсаныг тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран ажиллаж, мөн өдрийн 17:50 цагт унтраасан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Хуучин” хорооллын 12 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:13 цагт очиход тус байрны гадна 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 31.5 км замыг туулан очиход иргэн Б-ын Старикс загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын-Амны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн С-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байсныг 59 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал тйүмэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.22-ны өдрийн 08:20 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шарговь багийн “Хар салаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 09.22-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.23-ны өдрийн 00:58 цагт түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг Шарговь багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 09.22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг 06:00 цагаас зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, “Хан-Хэнтий” Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж, 09.22-ны өдрийн 13:00 түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 09.21-ний өдөр нойтон цас орсон бөгөөд, 09.22-ны өдрийн байдлаар цаг агаар тогтуун, цурам дотор уугьж байгаа мод ихтэй байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 гудамжинд хадан хясаанаас хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход тус тоотод оршин суугч иргэн Ж /57 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хойд талын уулын оройгоос унаад 35 орчим метр өнхөрч, хадан хясааны ирмэг дээр тогтсон байсныг 30 минут ажиллан татан гаргаж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг дахь “Цогтжавлан-2” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоол Бага насны хүүхэд суудлын автомашин дотор түгжигдсэн тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Н-ын Кроун загварын суудлын автомашин дотор И /1 ой, 3 сартай, эрэгтэй/ түгжигдсэн байсныг 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 15:00 цагаас 19:20 цаг хүртэл зохион байгуулсан. 09.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top