Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 28-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 29-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 27-ны өдөр Алтайн салбар уулсаар, 28-ны өдөр Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 29, 30-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 29-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 30-ны өдөр нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 29 дүгээр байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:57 цагт очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Майхан толгой”-н задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:20 цагт очиход иргэн Н-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Давст сумын Зүүн хөвөө багийн “Наран” хорооллын 1 дүгээр гудамжинд 09.25-ны өдрийн 05:00 цагийн орчим иргэн Г-ийн 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Иргэн Г-ийн 6 ханатай гэр, эд хогшил шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Давст сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.   

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 4 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн М-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг 12 минут ажиллаж унтраасан.    

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Гоёот гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 00:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан очиход иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажилла унтраасан.    

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Ар гялангийн-Уулзвар гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Ойн түймэр гарсан тухай мэдээллийг 09.23-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд Ар гялангийн-Уулзвар гэдэг газар очиж шалгахад түймэр гараагүй байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 09.25-ны өдрийн 20:10 цагт мэдээлсэн.        

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.23-ны өдрийн 10:00 цагт цурамд оруулсан. 09.25-ны өдөр цурмыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чихэртэй багийн “Бурат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт-190 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Дэлүүн сумын мэргэжлийн ангийнхан “Хөх сэрхийн нуруу”-ны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, 09.25-ны өдрийн 09:40 цагт түймрийг цурамд оруулсан. 09.25-ны өдөр цурмыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Халуун усны-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 84 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Малчин П 09.24-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.25-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах, бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтууд малчин П /36 настай,  эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:28 цагт гэрээс нь зүүн зүгт 4 км-т “Мойлтын-Ам” гэдэг газар айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн Уранмандал уулын урд бэлд автомашин доод хэсгээрээ ургаа чулуунд тээглэж хөдөлгөөн үйлдэх боломжгүй байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, автомашины эзэн иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top