Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл-ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах бүрэлдэхүүний томилгоо, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, гамшгаас хамгаалах сургалт, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан юм.
Ингэснээр болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот удирдах бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, үйл ажиллагааг уялдуулах, идэвхжүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.