Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалт баг, “Тал булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/-т Малчин Ч-ын 4 ханатай гэр, 09.26-ны өдрийн 13 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 13:20 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 18 км замыг туулан малчин Ч-ийн 4 ханатай гэр шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Бэр цагааны “Зүр хүзүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 295 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км /-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 80 км замыг туулан очиход иргэн Д-ийн 8х28 метрийн хэмжээтэй өвөлжөө, 20 тн өвс шатаж байсныг 01:25 цаг ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Жана Ауыл” баг, “Хотгор зам” ХХК-ийн хашаанд Битум хар лак /замын хар/ хайлуулдаг тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход хайлуулдаг 50 тн ёмкост шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Найрамдлын хороо, 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ч-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 09.23-ны өдрийн 10:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чихэртэй багийн “Бурат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт-190 км, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, Дэлүүн сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.26-ны өдрийн 21:50 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 3 км/-т 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 13:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Багануур дүүргийн харьяат Г-ийн жолоодож явсан “Соната-6” маркын 1 зорчигчтой суудлын автомашин Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан “Тоёота Пилдэр” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашинтай мөргөлдөж, тус автомашинд зорчиж явсан С /55 настай эрэгтэй/, иргэн Б /52 настай, эмэгтэй/ П /28 настай, эрэгтэй/ Т /26 настай, эмэгтэй/, С /5 сартай, эмэгтэй/, Г /3 настай, эрэгтэй/, “Соната 6” загварын суудлын автомашины жолооч Г/33 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн ЯТТТ-ийн эмч болон, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Аж үйлдвэрийн паркийн уулзвар 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход Э-ийн жолоодож явсан “Хонда Пит” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины жолооч иргэн Э/35 настай эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ЯТТТ-ийн эмч болон, Тээврийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч нарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top