Нийслэлийн Онцгой байдлын газраас Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр тус дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Мөсөн ордон”-ны талбайд хийлээ.
Үзлэгт дээрх аж ахуйн нэгж, байгууллагын 1250 ажилтан, алба хаагч гамшгаас хамгаалах 9 алба, 10 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 35 тусгай зориулалтын текник, багаж хэрэгсэлтэй оролцож, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.
Ингэснээр Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.