Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 01-09-ний өдрүүдэд зохион байгуулна.
Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, сургуулийн бэлтгэл, ажлын явцтай танилцан, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Орхон аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь хот суурин газрын хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө, байгал орчныг болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад бүх шатны удирдлагын шийдвэр гаргалт, шуурхай хариу арга хэмжээний бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, улс орны нийгэм эдийн засагт чухал ач холбогдол бүх уул уурхайн тогтвортой ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, голомтод холбоо зохион байгуулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулах, төлөвлөлтийг бодит байдалтай уялдуулан тодотгох, турших, харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, иргэд, олон нийтийг өргөн хүрээнд сургаж дадлагажуулахад чиглэгдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.