Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулс болон говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 10:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 10:54 цагт очиход тус тоотын иргэн А-гийн “Киа Ретона” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, “Улаан боом” гэдэг газрын “Гурван гал” амралтын газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 13 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс 13 км зам туулан очиход 8х16 метрийн хэмжээтэй тус амралтын газрын цайны газрын зориулалтаар ашигладаг байшин бүрэн шатсан байсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:22 цагт очиход орцны 2х3 метрийн хэмжээтэй жижүүрийн өрөөнд хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:10 цагт очиход нийтийн байрны 4х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 00:20 цаг ажиллан унтрааж, иргэн Б /52 настай, эрэгтэй/ түлэгдсэн байсныг НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.7 км замыг туулан 19:08 цагт очиход тус тоотын иргэн М-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:34 цагт очиход иргэн С-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осолНийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргийн урд ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 20:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 13.6 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн М-ийн “Волва FM12” загварын чиргүүлтэй автомашины араас Хан Уул дүүргийн харьяат иргэн У /32 настай, эмэгтэй/-гийн жолоодож явсан “Тоёота Сай” загварын суудлын автомашин мөргөж, тус автомашины жолооч автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унахНийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд зочид буудлын 3 дугаар давхраас сэтгэцийн өөрчлөлттэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6.4 км замыг туулан 20:18 цагт очиход Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Л /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тус буудлын 3 дугаар давхраас үсрэх гэж байсныг хаалгыг онгойлгон орж, тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top