Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг багийн Нутгийн захиргааны 3 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:13 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй өрөөн дотор хөргөгч шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:49 цагт очиход иргэн Г-гийн “Субару” загварын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:38 цагт очиход иргэн Х-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Зуслангийн газарт /ангийн байрлалаас зүүн хойд зүгт 16 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 13:05 цагт очиход иргэн Ж-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Оросын тосгон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 13:12 цагт очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5х7 метрийн хэмжээтэй байшин, 4х5 метрийн хэмжээтэй амбаар эд зүйлсийн хамт шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн “Чоно гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 222 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:52 цагт очиход Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомт руу нүүрс тээвэрлэж явсан иргэн Д-гийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байсныг 36 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Морь шүдэлгээний газрын урд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 3 км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:05 цагт очиход Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Баруун-Урт сум руу өвс тээвэрлэж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Хино” загварын ачааны автомашинд 30 боодол /1.8 тн/ өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:56 цагт очиход иргэн Г-гийн 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 04:09 цагт очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэр дээр нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осолСэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км/-т “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 17:52 цагт очиход Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд /26 тн замын хар тос/ тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж Оросын Холбооны Улсын иргэн, /эрэгтэй/ жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж 18:02 цагт цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top