Цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа

GJ1A0372.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын Ажлын албанаас НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран  “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлыг зохион байгууллаа.

Хуралд Улсын Онцгой комисс, Засгийн газрын яам, агентлаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын хүүхдийн сан, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын төлөөлөл, гамшгийн эрсдэлийг бууруулах, коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын  бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус хурлыг хааж хэлсэн үгэндээ, “Ковид-19 цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий нийтэд шинэ төрлийн, гарал үүсэл, үргэлжлэх хугацаа, учруулах эрсдэл нь тодорхойгүй гамшгийн нэг төрөл байсан.

Та бид өөрийн улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, хууль эрх зүйн орчин,  бусад төрлийн гамшиг, аюулт үзэгдлийг даван туулж байсан туршлага, бусад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмж, судалгаа, шинжилгээ, мэдээ мэдээлэл дээр үндэслэн энэхүү аюулт цар тахалтай тэмцэж, олон удаагийн хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж,  багагүй туршлага хуримтлуулсан.

Улс орныг бүхэлд нь хамарсан ийм хэмжээний цар тахал болон бусад төрлийн аюул, халдварт өвчин дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ.

Иймд бидэнд цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээндээ дүн шинжилгээ хийж, цаашдын стратеги, чиг хандлагаа тодорхойлох нь чухал бөгөөд өнөөдрийн хурал өмнөө тавьсан зорилгодоо хүрч, маш үр дүнтэй болж өндөрлөж байна.

Энэхүү хурлаас гарсан зөвлөмжийг зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Онцгой байдлын байгууллага холбогдох талуудтай нягт хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо.

Хуралд 15 аймаг, 18 байгууллагаас нийт 33 илтгэл ирүүлснээс оролцогчид ажлын хэсгийн сонгосон короновируст халдварын цар тахлын удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, явцын үнэлгээ, хамтын ажиллагаа, цар тахлын үеийн мэдээллийн харилцаа, бизнесийн нөхцөл байдал, хилийн боомтуудын үйл ажиллагааны чиглэлээр шинэлэг санааг агуулсан, практик ач холбогдолтой 13 илтгэлийг хэлэлцэж, Улсын Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албад, аймаг, нийслэлийн Онцгой комисс, холбогдох байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top