Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтай салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 9-14 м/с, түр зуур 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 7,8-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэрУвс аймгийн Тэс сумын Булгийн-Өндөр багийн “Их гатлагын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т малчин С-ийн өвөлжөөнд хураалттай байсан 35 тн өвс 10.05-ны өдрийн 02:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 10.05-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан иргэд очиход малчин С-ийн 35 тн өвс бүрэн шатсан байсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:10 цагт очиход иргэн Х-гийн “Тоёота Филдер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд айлын жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:54 цагт очиход иргэн М-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:32 цагт очиход тус байгууллагын хашаанд хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 15:48 цагт очиход иргэн Г-гийн 7х11 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 16:24 цагт очиход иргэн Л-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэрЗавхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т Оросын Холбооны Улсын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр 7 км-т ой, хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 7 км, өргөн 5 км байна. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Моносын уулзварын баруун талд 2 автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 07:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 07:35 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц-гийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын /2 зорчигчтой/ ачааны автомашины араас иргэн У-гийн жолоодож явсан “Хово” загварын том оврын ачааны автомашин мөргөж, Портер автомашины жолооч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /23 настай, эрэгтэй/, зорчигч тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын  Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багт баригдаж байгаа 7 давхар орон сууцны барилгын дээвэр дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч тухайн газарт явж байгаад баригдаж байгаа 7 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсан Э /62 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн/ иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчид хүлээлгэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top