1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон, Увс аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:44 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн 1 дүгээр хэсэг /аймгийн төвөөс баруун зүгт 88 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км/-т иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин 10.05-ны өдрийн 21:30 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 10.06-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 22:00 цагт очиход иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж 10.06-ны өдрийн 00:01 цагт унтрааж хүлээлгэн өгсөн. Тус гал түймэрт иргэн Б /26 настай, эрэгтэй/ нүүр, гар түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 197 км, сумын төвөөс зүүн урд зүгт 97 км/-т иргэн М-ийн цайны газрын зориулалттай 5 ханатай залгаа хоёр гэрийн хойд талаас савтай дизель түлш асгарч 10.06-ны өдрийн 02:00 цагт шатсан тухай мэдээллийг 10.06-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн Цагдаагийн хэсгийн даргаар ахлуулсан алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар гал түймэр гарсан газарт очиж ажилласан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:13 цагт очиход иргэн Ч-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Дархан багт гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11:57 цагт ангиас гарч 1.5 км замыг туулан 11:59 цагт очиход иргэн Л-ийн 4х9 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:32 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:10 цагт очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:43 цагт очиход иргэн А-гийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т Оросын Холбооны Улсын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 2 бүлэгт хуваагдан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 10.06-ны өдрийн 14:00 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах:Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:05 цагт очиход иргэн Х /18 настай, эмэгтэй/ 9 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж ярилцаж тайвшруулан 01:18 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явсанаас иргэн Ө нь 09.30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.06-ны өдрийн 15:04 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР