Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Screenshot_20221007-145905_Messenger.jpg

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордны жанжин Д.Сүхбаатарын танхимд болж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн  эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын гамшгаас хамгаалах алба байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, стратеги бодлогоо шинэчилж, гамшгаас аврах, гал түймэр унтраах техник хэрэгслээ сайжруулж байгаа ч биднээс үл шалтгаалсан байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй нөлөөлөл буурахгүй, учирч болзошгүй эрсдэл илүү нарийн төвөгтэй, тодорхой бус шинж чанартай болж байгаа нь биднээс ихээхэн бэлтгэл, бэлэн байдлыг шаардаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийн дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ. Үүний дотроос уур амьсгалын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй 3 дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ. Энэ нь биднээс гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдал, урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, хариуцлагын тогтолцоотой байхыг сануулж байна гэж ойлгох хэрэгтэй. 

Иймд гамшгийн эрсдэлийг системийн түвшинд тусгайлан авч үзэн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй байнгын давтамжтайгаар олгох, гамшгаас урьдчилсан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг бодитойгоор нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах ажиллагаанд техник тоног төхөөрөмжийг шинэчлэлийг үргэлжлүүлэх, орон нутаг бүр, салбар бүр, байгууллага бүр, иргэн бүрийн гамшгийн бэлэн байдлыг хангах, аливаа гамшгийг даван туулах чадавхыг бий болгохын тулд хууль эрх зүй, бодлогын хувьд Үндэсний зөвлөлийн гишүүд хамтарч ажиллах, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох хэрэгцээ шаардлага байна.

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын сайн туршлагууд болох  бонд гаргах, эрсдэлийн сан бий болгох, даатгал, давхар даатгалд хамруулах зэрэг эрсдэлийн санхүүжилтийн орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, төлөвлөгөөг хэрэглэж буй улс орнуудын туршлага дээр түшиглэн боловсруулах,  Гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Хуралдаанаар зөвлөлийн 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсч, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top