Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд жил бүр болдог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээн эхэллээ.
Өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулагдах тус тэмцээн Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газар, “Практик буудлагын холбоо” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ДЦШ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ТЕГ, ШШҮХ, ҮБХИС, ДХИС зэрэг 13 байгууллагын 180 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, нийт тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
Тус тэмцээн нь алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж буй юм. Тэмцээний дүн маргааш гарна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.