Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүрэн хангалттай дүгнэгдлээ

C4DC43EC-E1FD-4AAB-BD39-987202E400FC.jpeg

Монгол Улсын Шадар сайдтай Орхон аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 01-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

“Төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг сайжруулах, харилцан ажиллагааг боловсронгуй болгох” сэдвийн  хүрээнд газар хөдлөлтийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу  аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.

 Мөн бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор төмөр зам, уул уурхайн осол, газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиудыг зохион байгууллаа.

 Сургуулийн бодлогын дагуу Орхон аймгийн иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 69 мянга гаруй иргэнийг хамруулсан нь түүхэн амжилтыг үзүүлсэн юм.

Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд,  идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай буюу “Онц” дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top