Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь 2019, 2020, 2021 онуудад тус бүр гамшгийн төрөл бүрээр болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 3 удаагийн багц зөвлөмжийг батлан гаргаж, нийт 77 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээс хэрэгжилт хангалтгүй, анхаарал хандуулах шаардлагатай олон арга хэмжээ байгааг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн энэ удаагийн хурлаар хэлэлцлээ.
Иймд Монгол Улсын Шадар сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Амарсайхан гамшгийн эрсдэлийг бууруулах ажил арга хэмжээний үр дүнг эргэн харж, цаашид Үндэсний зөвлөлийн гишүүдэд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Нэг: Санхүү хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөгжлийн салбар
(Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам)
- Болзошгүй гамшгийг хохирол багатай даван туулах төсөв санхүүгийн нөөцийг бүрдүүлж, эрсдэлийн санг улс орон нутгийн түвшинд байгуулах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.1, 51.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн зардлын ангилал, зэрэглэлийг бий болгох чиг үүрэг бүхий түр Ажлын хэсгийг байгуулж, нөлөөллийн тооцоо судалгаа, хуулиудын уялдаа холбоог нарийвчлан судалж, санал дүгнэлт боловсруулан Үндэсний зөвлөлийн танилцуулах. /Сангийн яам/
- “Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хууль” боловсруулах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан (Сангийн сайдын 2022 оны 60 дугаар тушаал) ажлын хэсгийн явц, үр дүнд тусгайлан хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд өргөтгөн шинээр байгуулж, Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн хуулийн зөвлөх багийн ажлын үр дүнг тооцож, холбогдох эдийн засгийн тооцоо, тандан судалгаанд үндэслэн хуулийн үзэл баримтлал, хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Үндэсний зөвлөлийн ажлын албанд тайлагнах. /Сангийн яам/
- Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүү, төсөв, зээл тусламжийн олон өөр арга хэрэгслийг нэвтрүүлж иргэдийн амжиргаа, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Гамшгийн санхүүжилтийн үндэсний стратеги”-ийн баримт бичгийг боловсруулахад шаардлагатай нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа, хууль эрх зүйн орчны шинжилгээг хийж, холбогдох санал дүгнэлтийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд тайлагнах. /Сангийн яам, ЭЗХЯ/
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2022 онд дэлхий нийтэд хандан гаргасан “Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, эрт зарлан мэдээллийг ирэх 5 жилийн дотор дэлхийн иргэн бүрт хүртээмжтэй хүргэх” тухай уриалгыг дэмжиж, “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх /Сангийн яам, ЭЗХЯ/
- Гамшгийн үед нийлүүлэлтийн сүлжээ доголдсон, тасарсан үед хүн ам, айл өрхийн хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд “Улаанбаатар хотод 2.0 мян.тн багтаамжтай хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь”, “20.0 мян.тн хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан агуулах барих”, мөн гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зориулалт бүхий “Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүний 20.0 метр.куб-ын багтаамжтай терминал байгуулах” зэрэг томоохон төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай төсвийн эх үүсвэрийг төсвийн болон зээл тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэх арга замыг судалж, энэ талаарх судалгаа тооцоог тодорхой саналтайгаар Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулах./Сангийн яам, ЭЗХЯ/
Хоёр. Цахим хөгжил, харилцаа холбооны салбар
/Цахим хөгжил, харилцаа холбооны яам/
- Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг хөгжүүлэх, гамшгийн урьдчилан сэргийлэх эрсдэлийн харилцаа холбоог олон нийтэд хүртээмжтэй хүргэх технологийн арга шийдлүүд, тухайлбал и-монголиа платформ, өргөн нэвтрүүлгийн сүлжээ, гамшиг, аюулт үзэгдлийг амжиж анхааруулах системийг хууль эрх зүй, технологийн талаас сайжруулан бэхжүүлж, харилцан уялдааг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээний саналыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах.
- Гамшгийн үед хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор замын хөдөлгөөний цахим хяналтын удирдлагын системийн ажлыг бүрэн хийж дуусгах судалгаа, тооцооны саналыг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах.
- Монгол Улсын хэмжээнд радио, өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлж, Хонхорын Радио өргөн нэвтрүүлэх төвд тоон радиогийн 400квт чадлын нэвтрүүлэх станц байгуулах төслийг шуурхай эхлүүлэх, хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж, гамшиг, аюулт үзэгдэл, цаг агаарын урьдчилсан мэдээг улсын хэмжээнд дахин дамжуулах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх.
Гурав. Боловсрол шинжлэх ухаан, технологийн салбар
- “Аюулгүй амьдрах ухаан”, “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөрт гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах сургалтын агуулгыг нэмэгдүүлэх, боловсролын бүх шатанд заах арга зүйн сургагч багш нарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд бэлтгэх.
- Сургуулийн орчинд гамшгийн үед дохио дамжуулах боломжийг бүрдүүлэх, яаралтай цугларах талбай, стандартын шаардлага хангасан хоргодох байр, гамшгийн анхан шатны нөөцийг бүх шатны боловсролын байгууллагуудад хангах тооцоо судалгааг гаргаж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд “Шинжлэх ухаан технологи, инновацын салбар зөвлөл байгуулах бэлтгэл ажлын явцыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах. Шинжлэх ухааны академи, ОБЕГ
Дөрөв. Эрчим хүч, зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд бүтцийн салбар
- Эрчим хүчний түгээх сүлжээ, дулаан, цахилгааны дамжуулах сүлжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг системийн түвшинд хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж танилцуулах.
- Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн хуулиуд, холбогдох барилга, дэд бүтцийн норм стандартуудад гамшгийн эрсдэлийг тооцох, гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх, хяналт тавих тогтолцоог бэхжүүлж, уялдаа холбоог хангах ажиллах /БХБЯ/
Тав: Гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбар
1. Зүүн-Хойд Азийн бүс нутагт гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хадгалах, түгээх төвийг Буянт-Ухаа нисэх буудлыг түшиглэн байгуулах санаачилгын мөрөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албатай холбогдох шугамаар хамтран ажиллах.
Зургаа. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар
- Мал аж ахуй, газар тариалангийн салбарт шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сурталчлах, малчид тариаланчдад сургалт нөлөөллийн арга хэмжээг анхан шатанд зохион байгуулах хөтөлбөр төлөвлөгөө бэлтгэн, танилцуулах
- Гамшгийн үеийн хүнсний хангамж, аюулгүй байдал, шим тэжээллэг чанарыг хадгалах зорилгоор гамшигт тэсвэртэй хөдөө аж ахуй, удаан хадгалагдах хүнсний хангамжийн хадгалах, түгээх сүлжээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой саналыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Үндэсний зөвлөлийн ажлын албанд танилцуулах.
Долоо. Соёлын салбар
- Улсын хэмжээнд музейн барилгууд, түүхийн дурсгалт газруудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, соёлыг биет өвийг хамгаалах, барилга байгууламжийг хүчитгэн хамгаалах тооцоо судалгааг 2023 оны 2 дугаар улиралд багтаан танилцуулах.
- Гамшгийн үед болон гамшгийн дараа соёлын биет өвийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэхэд мөрдөх журам, дүрэм, стандартын баримт бичгийг боловсруулах.
Найм. Эрүүл мэндийн салбар
- Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний үед ашиглах шуурхай удирдлагын байр, цар тахлын үед ашиглах тусгай зориулалтын байгууламжууд, тэдгээрт шаардлагатай техник тоног төхөөрөмж, нөөцийг бүрдүүлэх тооцоо судалгааг бэлтгэн, Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулах.
- Гамшиг тохиолдсон үед нэрвэгдсэн, бэртэж гэмтсэн, өрхийн гишүүдээ алдсан иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх сургагч багш нарыг сайн дурын иргэдийн оролцоотой бэлтгэж, бэлтгэгдсэн иргэдийг бүртгэж, сайн дурын сэтгэл зүйч нарын нөөцийг улсын хэмжээнд бүрдүүлж, бэлэн байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг ээлжит Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах.
Ес. Байгаль орчин аялал жуулчлалын салбар:
- “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цөөн үлдсэн ойн сан бүхий бүсийг түймрийн аюулаас хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах нутгийн иргэдийн оролцоо, урамшууллын тогтолцоог бий болгох, анхан шатанд гал унтраах сайн дурын хэсэг бүлгийг байгуулж, аймаг, сум, багийн түвшинд ой, хээрийн түймэр унтраах материал техникийн нөөц бүрдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа гаргаж, танилцуулах.
Арав. Барилга, хот байгуулалтын салбар:
- Газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийгдээгүй 9 аймаг (Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл)-т зураглал хийхэд шаардагдах зардлыг үе шаттай шийдвэрлэж хэрэгжүүлэх.
- 2023 онд паспортжуулах барилга, байгууламж болон газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан хүчитгэх, шинээр барих барилгад шаардагдах зардлыг шийдвэрлэж, гүйцэтгэх.
Арван нэг. Үндэсний зөвлөлийн ажлын албанд
- Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, 21 аймгийн салбар зөвлөлийг 2023 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан хуралдуулах.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дараагийн хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, үндэсний зөвлөлийн гишүүд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өгсөн дээрх үүргийн биелэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээг тооцоо судалгаанд үндэслэн нарийвчлан төлөвлөж, биелэлтийг гишүүд биечлэн танилцуулахыг үүрэг болгов.