Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар хур тунадас орсон. Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар салхи 16-17 м/с, Төв аймгийн Эрдэнэсант сум, Заамар сумуудад салхи баруун хойноосоо 10 м/с тус тус хүрч цасан болон шороон шуурга шуурсан.                                    

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хагаст түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Төлөв:   9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1  градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хорооны “Задгай”-д хураалттай ноос шатаж гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 07:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 07:40 цагт очиход хашаанд хураалттай ноос шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 3 дугаар багийн “Шаргын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ дугуйт өргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан.     

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 09:38 цагт очиход “Бит Монгол” ХХК-ийн дугуйт өргөгч шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.     

Дорнод аймаг, Хэрлэн сум. 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.1 км зам туулан 08:46 цагт очиход, иргэн Н-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 33 миунт ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан.   

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 09:24 цагт очиход иргэн Д-ий 4х5 метрийн хэмжээтэй байшин, хашаа, жорлон шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймаг, Өлзийт сум. Улаан-Уул багийн 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 18 км, сумын төвд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 20:30 цагт очиход иргэн А-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 22 дугаар хорооны “Задгай”-д Баригдаж байгаа барилгад хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 21:00 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймаг, Норовлин сум. Онон багийн “Эмгэнтийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.  

Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 20:10 цагт унтраасан.

Завхан аймаг, Баянтэс сум. Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км-т/ Монгол Улсын хилийн 245-246 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын талаас ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Сонгино сумын мэргэжлийн ангийнхан 2 бүлэгт хуваагдан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 10.06-ны өдрийн 14:00 цагт цурманд оруулсан. 10.07-ны өдөр түймрийн голомтод 5-10 см зузаан цас орсон боловч цурмаа цэвэрлэн ажиллаж байна.  

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Тоом багийн “Тоомын даваа ” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 171 км-т, сумын төвөөс баруун  зүгт 25 км-т, Ө-50°40’12.0″, У-98°51’36.0″/ 10.08-ны өдрийн 07:22 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:32 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийнОнцгой байддлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум. Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явсанаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.07-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж Оргих багийн “Гурван шар”, “Оргихын-Ар”, “Тамгын хоолой” гэдэг газруудад 22 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Архангай аймаг, Хашаат сум. Баян багийн “Идэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 169 км, сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Малчин Э нь мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 16:44 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус сумын харьяат малчин Э/60 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Сүүл овооны-Өвөр” гэдэг газар /гэрээс зүүн зүгт 5 км/-аас 17:26 цагт эсэн мэнд олсон.

Өвөрхангай аймаг, Хужирт сум. Дулаан багийн “Бүлийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ суудлын автомашинаар зорчиж явсан 5 хүн (3 нь хүүхэд) сураггүй болсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Хужирт сумаас “Бүлийн-Энгэр” гэдэг газрын чиглэлд “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Б /44 настай, эрэгтэй/, Ч/19 настай, эрэгтэй/, З /12 настай, эрэгтэй/, З /10 настай, эрэгтэй/, Б /5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Хүрэмтэй” гэдэг газар /гэрээс нь баруун хойд үгт 20 км/-аас эсэн мэнд олсон.  

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Өнгөт багийн “Хөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 127 км, сумын төвөөс урд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Э, О нар 10.07-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 21:10 цагт хүлээн авсан.    

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э/48 настай, эмэгтэй/, О/48 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:55 цагт тус багийн “Сүүлийн говь” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон. 

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Төв багийн ‘’Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс урд зүгт 5 км-т/ тус сумын харьяат малчин Б, Б, Ү нар 2 мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б/31 настай, эрэгтэй/, Б/27 настай, эрэгтэй/, Ү/25 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар явж байхад эсэн мэнд гэртээ ирсэн гэсэн тул замаасаа буцсан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Далай багийн “Өрхийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ суудлын автомашинаар зорчиж явсан 8 хүн (4 нь хүүхэд) төөрсөн тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж Сайнцагаан сумаас Далай багийн “Бууцат тээг” гэдэг газрын чиглэлд иргэн И-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай зорчиж явсан иргэн И/48 настай, эрэгтэй/, Ө/47 настай, эмэгтэй/, Н/42 настай, эрэгтэй/, Б/41 настай, эрэгтэй/, Э/10 настай, эмэгтэй/, М/7 настай, эмэгтэй/, А/6 настай, эмэгтэй/, Г/0.7 настай, эмэгтэй/ нарыг Далай багийн “Хашаатын-Ус” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон. 

Цас шаварт суусан: Архангай аймаг, Өгийнуур сум. Зэгэстэй багийн “Бор толгой” гэдэг газар /Архангай аймгийн төвөөс зүүн хойд үгт 120 км-т, Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 80 км зам туулан очиход Төв аймгийн Заамар сумаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд 11 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 03:10 цагт, мөн Баянхонгор аймгийн төвөөс Булган аймгийн Баян-Агт сумын чиглэлд 5 зорчигчтой (2 нь хүүхэд)  зорчиж явсан иргэн А-н “Памилли” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 03:30 цагт тус тус татан гаргасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top