Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хороо, Намагийн 1 дүгээр гудамжны задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 16:26 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:33 цагт очиход 5 га орчим газарт шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 17 дугаар хороо, 67 дугаар байранд Хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 16:34 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:38 цагт очиж хогийн сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Оргил багийн “Мон-Алтай” байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 20:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:25 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, “Драгон” төвийн замын урд эзэнгүй хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 16:32 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:36 цагт очиход 0.1 га орчим газарт шар өвс, ашигладаггүй 3 давхар барилгын 1, 2 дугаар давхарт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн дэнжийн задгайд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 16:50 цагт очиход иргэн У-гийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Булган аймаг, Сэлэнгэ сум. Сэлэнгэ бүрэн багийн 2 дугаар гудамж 218 тоот /сумын төвөөс зүүн зүгт 37 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 10 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 17:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн В-гийн эзэмшлийн 8×12 метрийн хэмжээтэй өвөлжөө, 10 тн өвс /590 боодол/ шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, Монелийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 22:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:53 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Тайшир сум. Далан багийн “Баян үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 21:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 28 км замыг туулан 23:15 цагт очиход иргэн Т-ын өвөлжөөнд хураалттай бууц шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум. Гурванбаян багийн “Бархираагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 89 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 02:36 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагчид 89 км замыг туулан 05:30 цагт очиход малчин П-гийн өвөлжөө шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум. Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явсанаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Алтанбулаг сумын харьяат иргэн Ө/43 настай, эрэгтэй/-ыг 10.09-ний өдрийн 07:30 цагаас 19:45 цаг хүртэл Оргих багийн “Доод хоолой” гэдэг газраас зүүн урд зүгт 15 км-т, “Тамгын хоолой” гэдэг газраас урд зүгт 20 км-т, Цагааннуурын эрэг дагуу 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.10-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top