Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтад эрүүл мэндийн байгууллагын 591 барилга байгууламж хамрагдсанаас 3439 зөрчил дутагдал илэрч, 3226 зөрчлийг арилгууллаа.
Мөн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтаар илэрсэн 231 зөрчил буюу нийтийн зөрчлийн 6,2 хувийг арилгаагүй, хяналтын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 1 хуулийн этгээд, гурван иргэнд прокурорын байгууллагын хяналтад, Зөрчлийн хуулийн холбогдох заалтын хүрээнд 1,9 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.
Хяналт шалгалтаар БНбД норм дүрмийг зөрчиж, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, барилгын дотор талд галын дотуур усан хангамж төлөвлөгдсөн боловч галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант, хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулаагүй, дутуу, объектод галын дохиоллын систем суурилуулсан боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.