Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороотой хамтран “Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тэмцээнийг зургаан үе шаттайгаар явууллаа.
Тэмцээнд 17 багийн 100 гаруй ахлах ангийн сурагчид оролцсноос нийлбэр дүнгээр Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон юм.
Мөн “Өсвөрийн шилдэг аврагч хүүхэд”-ээр Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийн сурагч Б.Баттогтох, “Мэргэд” сургуулийн сурагч Ө.Халиун нар шалгарлаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.