1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, Хилийн чөлөөт бүс дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход 30х8 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 6х4 метрийн хэмжээтэй техникийн өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Их саран” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/-т Норд бенз загварын том оврын ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход Дорнод аймгаас Өвөрхангай аймаг руу өвс тээвэрлэж явсан Архангай аймгийн харъяат иргэн А-ын “Норд бенз” загварын ачааны автомашинд ачсан 22.5 тн өвс шатаж байсныг 07:17 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн 2 дугаар гудамжны задгай даавууны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн М-ын 12х30 метрийн хэмжээтэй даавууны үйлдвэрт даавуу самнах машин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны баруун урд талд дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн А-ын 2х2 метрийн хэмжээтэй дугуй засвар, хураалттай хаягдал дугуй тус тус шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход иргэн Г-ын 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход тус худалдааны төвийн хашаанд 4х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Талын хар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км, сумын төв/-д автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 9.5 тн өвс тээвэрлэж явсан иргэн э-ын “Вольво” загварын бүхээгтэй автомашинд ачсан 4 тн орчим өвс шатаж байсныг 03:00 цаг ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бууралын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т / хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 10 дугаар застав, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 10.11-ний өдрийн 19:27 цагт бүрэн унтраасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлбэрэх хий гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 128 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км/-т Малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 38 км замыг туулан очиход 12 га хээрийн талбай шатаж байсныг 18:07 цагт цурамд оруулан 18:56 цагт бүрэн унтраасан.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан. Тус автомашины жолооч Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийн зохион байгуулсан. 10.12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР