Анхных нь болох астероидын мөргөлтөөс дэлхийг хамгаалах туршилт амжилттай болжээ

ugv00w_NASA_dart_x974.jpg

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA хүн төрөлхтний түүхэнд анхных нь болох астероидын мөргөлтөөс дэлхийг хамгаалах туршилт амжилттай болсныг  зарлажээ.

Есдүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын DART (Double Asteroid Redirection Test) хөлөг Диморфос астероидыг мөргөж, хөдөлгөөний чиглэлийг нь өөрчлөх туршилтыг гүйцэтгэсэн юм. Дэлхийгээс 11 сая километрийн зайтай оршдог Диморфос нь хос астероидын системийн нэг хэсэг бөгөөд өөрөөсөө том Дидимос астероидыг тойрон эргэж байдаг.

Мөргөлтийн үр дүнд Диморфос өмнөхөөсөө жижиг тойрог замд шилжиж, Дидимос астероидыг илүү хурдтай тойрон эргэлддэг болсныг NASA мэдээлжээ.  Диморфос, Дидимосын хослол нь нарыг 2.1 жил тутамд нэг бүтэн тойрдог, дэлхийд шууд аюул учруулаагүй биетүүд юм.

160 метр өргөн буюу Египетийн аварга пирамидын хэмжээтэй, өндөг хэлбэртэй Диморфос астероидыг энгийн хөргөгчийн хэмжээтэй DART хөлөг цагт 23,500 км-ийн хурдаар мөргөж, хөдөлгөөнд нь өөрчлөлт оруулж чадсан аж.

Туршилтын үр дүнг тооцоолж гаргахад хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулжээ. Диморфосын хэмжээтэй астероид дэлхийтэй мөргөлдвөл зөвхөн бүс нутгийн хүрээний гамшиг үүсгэх юм байна. Сансрын биетэд “кинетик нөлөө” үзүүлэх нь дэлхийг хамгаалах олон аргуудын зөвхөн нэг нь боловч одоогийн технологийн хөгжлийн түвшинд хүн төрөлхтний хийж чадах цорын ганц арга юм.

scroll to top