Гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийг ашиглах аргазүйн талаар харилцан туршлага судалж байна

J1A9531.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг-Нийгмийн комисстой хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах” нь сэдэвт сургалт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Л.Болдбаатар, НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг нийгмийн хорооны Зүүн хойд Азийн төлөөлөгчийн газрын дарга Б.Ганболд, Ази, Номхон далайн хөгжлийн мэдээллийн технологийн сургалтын төвийн захирал Ки-ёонг Ко нар оролцож, үг хэлсэн юм.

Бригадын генерал Л.Болдбаатар хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа болон гамшгийн аюулыг хохирол багатай даван туулахад зарлан мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн сүлжээг ашиглах, богино хугацаанд мэдээ, мэдээллийг дамжуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах, дэвшилтэд техник технологийн шийдлийг судлах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ удаагийн сургалтаар Онцгой байдлын байгууллага болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, алба хаагчдын гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийг ашиглах аргазүй, мэдлэг ур чадвар сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сургалтад ОБЕГ, НОБГ, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,  Харилцаа, холбооны зохицуулах хороо, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, ЦУОШГ, МУИС, Гео орон зайн холбоо, үүрэн холбооны компаниуд болон олон улсын байгууллагын 40 орчим төлөөлөл оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top