Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багийн “Хасу Мандал” ХХК-ийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2 км замыг туулан 11:31 цагт очиж, агуулахын хашаанд 40 тн өвс шатаж байсныг 3 цаг 22 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:54 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 06:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:48 цагт очиход иргэн Ц-гийн 24х40 метрийн хэмжээтэй автокузов засварын зориулалттай гараашийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөрсогоот зусланд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 14:25 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрны 8 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 17:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:01 цагт очиход иргэн Ц-гийн гэрт эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хөх толгой” багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:31 цагт очиход иргэн О-гийн эзэмшлийн чингэлэгт хайрцагтай хүнс шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 23:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 23:04 цагт очиход иргэн Л-ийн 5×4 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, тавилга шатаж байсныг 46 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.12-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т 3 удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл 4 удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж зохион байгуулсан. 10.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:45 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 3.5 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 30 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top