ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ажилтан, алба хаагчид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндэс суурь болсон Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замналыг харуулсан Онцгой байдлын албаны музейн үйл ажиллагаатай танилцлаа.
Албаны музейд түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстэн нартай холбоотой баримт сэлтүүд, химийн болон бактериологийн зэвсгээс хамгаалах , багаж хэрэгслүүд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг эд, өлгийн олон үнэт зүйлс дэлгэгдэн олны хүртээл болж байна.
Мөн энэ үеэр гамшиг, ослын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж ажилладаг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.