1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 08:35 цагт очиход иргэн Ц-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 29 дүгээр гудамжны “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 11:55 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Дугуй бургаст” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 16 км-т/ хог, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16 км зам туулан 15:13 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:50 цагт очиход иргэн С-ийн 3×5 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:57 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:14 цагт очиход иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 03:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 03:41 цагт очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хөх чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:03 цагт хүлээн авсан. Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:50 цагт цурмад оруулсан.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгайт багийн “Баянбүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр, унтраах аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:58 цагт цурамд оруулсан боловч 10.14-ний өдрийн 00:12 цагт цурамнаас дахин ассаныг 05:10 цагт бүрэн унтраасан.
Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн “Ар билэгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 18:10 цагт цурамд оруулсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Энгэр шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:30 цагт цурамд оруулсан бөгөөд 22:20 цагт унтраасан.
4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 370 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 42 км-т/ 10.13-ны өдрийн 14:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 14:39 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичрхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.13-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Бойны тохой” гэдэг газар хүртэл 25 км-т, мөн “Манжийн салаа” гэдэг газар хүртэл 12 км-т, нийт 37 км-т завиар урсч, 5 метрийн гүнд 2 удаа шумбалт, голын эргээр явганаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 10.14-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР