Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Гүний усны сургалт, дадлагын төв”-ийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан барьж, байгууллаа. Тус төв нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нуурыг түшиглэн, 12 сая төгрөгийн өртөгөөр байгуулагдсан бөгөөд жилийн дөрвөн улиралд сургалт, дадлага зохион байгуулах боломжтой. Энэ талаар тус төвийг барьж, байгуулах ажлын хэсгийн ахлагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаяртай ярилцлаа.
– Юуны түрүүнд зорьж бүтээсэн “Гүний усны сургалт, дадлагын төв”- өө барьж дуусгасанд баяр хүргэе. Том ажлын ард гарлаа шүү…?
– Баярлалаа. Манай хамт олон “Гүний усны сургалт, дадлагын төв”-ийг байгуулахаар 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгасан юм. Гэтэл нийтийн орон сууцаар ашиглагдаж байсан барак барилгыг нурааж, дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр аймгийн Засаг даргын Тамгын газраас гарсан. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр тус барак барилгыг алба хаагчдынхаа хүчээр буулгаж, барилгын материалыг нь гүний усны сургалтын төв барихад ашиглахаар болж, “Түшиг-Уул” ХХК-ийн хашаанд буулгаж, хурааж авсан. Ингэж л бид анх сургалтын төв барих материалаа бүрдүүлсэн дээ. Миний хувьд аймагтаа гүний усны сургалт дадлагын газартай болохсон гэж битүүхэн мөрөөддөг байсан болохоор энэ мөрөөдөл маань биелсэнд баяртай байгаа.
– Сургалтын төвөө хэдий хэр хугацаанд барьж, байгуулав. Сургалтын төвтэй болсны давуу тал нь юу вэ?
– Сургалтын төвийг барихад Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид маань нэгэн сэтгэлээр зүтгэж, нийтдээ 53 хоногт барьж дуусгалаа. Сургалтын төв маань “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нуурыг түшиглэн баригдсан болохоор уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийхэд их дөхөм болсон. Бид өмнө нь Хараа голд сургалтаа зохион байгуулдаг байсан юм. Хөдөө хээр газарт байрлах учраас майхан савнаас авахуулаад маш олон зүйл шаардлагатай болдог. Харин сургалтын ийм нэгдсэн төвтэй болсноор хэзээ ч очоод сургалт, дадлага хийхэд тохитой сайхан орчин бүрдэж байна. Тиймээс энэ төвийг барьж, байгуулсандаа маш их баяртай байна.
– Мэдээж өөрсдийн сургалт явуулах байр, байгууламжийг барьж байгуулахад алба хаагчид маань сэтгэл хангалуун байсан байх. Харин багийг ахалж явсан хүний хувьд алба хаагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гээд олон асуудал тулгарна?
– Тэгэлгүй яах вэ. “Онцгой байдлын байгуллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийг чанд баримтлан алба хаагчдадаа өдөр бүр заавар, зөвлөмж өгч ажилласан.
– Сургалтын төвөө товч тайлбарлан, танилцуулахгүй юу?
– Сургалт, дадлагын төв маань 4х4 метрийн хэмжээтэй, шувуу нуруутай гурван байшинтай. 3х6 метрийн хэмжээтэй модон саравчтай. Саравч, байшингуудыг холбосон явган хүний зам, автомашины зогсоолтой, аливаа үйл ажиллагаа явуулахад зориулж хийсэн тугны суурь гэсэн бүтэцтэй цогцолбор болсон. Мөн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нуурын эрэг дагуу автомашины хуучин дугуйгаар хамгаалалтын далан хийж, нуурын эргээс нуур руу орсон найман метрийн урт, 1,5 метрийн өргөнтэй завины зогсоол /тавцан/ хийж өгсөн. Тавцанг хүндрүүлэх зорилгоор краныг ачаа болох 2,5 тн-ын жинтэй, 4*0,8 метрийн хэмжээтэй бетон ачааг хойд хэсэгт суурилуулж тавцанг бэхэлсэн. Энэ нь тавцанг илүү бат бэх, найдвартай болгож өгсөн.
– Ингэхэд өөрийн тань хувьд Онцгой байдлын байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
– Миний хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа арван жилийн сургуулиа төгсөөд Дархан-Уул аймагт ирж амьдарсан. Эндээсээ ахлагчийн сургууль явж, 2008 онд төгсч ирээд Дархан суманд байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар ангид орж ажлын гараагаа эхэлж байлаа. Би 2013 онд Батлан хамгаалахын их сургуулийг “Химийн алба, химич технологич” мэргэжлээр төгссөн юм. Тэгээд 2015 оноос Онцгой байдлын газартаа Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гуравдугаар салаанд аврагч, химичин гэсэн орон тоон дээр ажилд орсон доо. Одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. 2016 оноос “Эрэн хайх, аврах бүлэг”-ийн даргаар томилогдсон.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин