Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 8 дугаар баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/-нд Иргэн Э-ийн 5 ханатай гэр 10.15-ны өдрийн 05:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 10.15-ны өдрийн 06:39 цагт хүлээн авсан. Тус нисэх буудлын ажилтнууд ажиллаж 06:12 цагт унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын боомтийн “Замын-Үүд” өртөөний 3 дугаар зам Чойр-Эрээн чиглэлийн 7818 дугаар ачааны галт тэрэгний ачаанаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан очиход ачааны галт тэрэгний 60 тн нүүрс ачсан вагоноос 1 тн орчим нүүрс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Ред Булл” рестораны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход тус рестораны хашаан дотор 3х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Бадархундагаэмнэлэг 1 дүгээр давхарт /4 давхар эмнэлэг/ гал гарч байна дуудлагыг 10.15-ны өдрийн 23:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:16 цагт очиж эмнэлгийн зоорийн давхарт угаалгын машин, цахилгааны утас шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс хэвтэн эмчлүүлж байсан 43 өвчтөн, 2 ажилтан, нийт 45 хүнийг гаргасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн-Ард Аюушын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлбэ” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Галуут сумын Цээл багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ Малчин Б-ын 4 ханатай гэр 10.15-ны өдрийн 14:40 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 10.15-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус сумын Цээл багийн Засаг дарга сумын Цагдаагийн хамт газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Тээврийн хорооны 10 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн хашаанд чиргүүл дээр хураалттай 3.5 тн өвс шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 42 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 20:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр орчим хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Гахайн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км/, түймрийн солбицол: 47.626577 N. 118.455031 E Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Зэвсэгт хүчний 329 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Нөмрөгийн Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж 10.15-ны өдрийн 17:40 цагт цурамд оруулан 18:34 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 6000 га хээрийн талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Талын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/, түймрийн солбицол: 49°20’34.0”N 115°13’49.0”E Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж түймрийг 10.15-ны өдрийн 23:05 цагт цурамд оруулж, 10.16-ны өдрийн 00:08 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 36000 га хээрийн талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн “Давхрын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 125 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/, түймрийн солбицол: 48°34’06.9”N 113°03’01.5”E Хээрийн түймэр гарсан дуудлагыг 10.15-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 10.15-ны өдрийн 19:30 цагт цурамд оруулж, 20:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 80 га хээрийн талбай өртөж шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн “Жишиг” хороолол гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т суудлын автомашин ухсан нүхэнд унаж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Э-ын эзэмшлийн “Приус-30” загварын суудлын автомашин 1.7 м өргөн, 1.8 м-ийн гүнтэй нүхэнд баруун талаараа унаж 2 зорчигч автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 10 минут ажиллаж иргэн Э /27 настай, эрэгтэй/, Т /76 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн их эмч нарт хүлээлгэн өгсөн.

 Усны осол:Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.15-ны өдрийн 08:00 цагаас 19:27 цаг хүртэл иргэн Ш/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, ‘Шаамар сумын салаа гэдэг газар хүртэл 5 км-т 1 удаа, нийт 122 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.16-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top