Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с.  Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 дулаан байна. 22-ноос бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:24 цагт очиход эзэнгүй айлын хашаа шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Д-ийн хашаанд 30м2 газар өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн баг “Хайлантай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн зүгт 37 км, Хялганат тосгоноос баруун хойд зүгт 10 км/-т автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Б-ийн “ЗИЛ-131” загварын ачааны автомашин дээр ачсан 4 тн өвс шатаж байсныг 43 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр:Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Их хатуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 70 км замыг туулан очиж, хээрийн түймрийг унтраахаар ажиллан 10.17-ны өдрийн 00:20 цагт цурамд оруулж, тухайн өдрийн 09:20 цагт бүрэн унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн ‘’Халбан заяа’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 350 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 25 км замыг туулан очиход 2 га хээрийн талбай шатаж байсныг 14:36 цагт цурманд оруулж, 16:21 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн “Мандвай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 50 км замыг туулан очиж, хээрийн түймрийг унтраахаар ажиллан 19:00 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.17-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.18-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top