Даваа гарагт Оросын армийн сөнөөгч онгоц Краснодар мужийн Ейск хотын орон сууцны барилгыг мөргөсний улмаас дэлбэрэлт болж, зургаан иргэн амиа алджээ.
Өөр зургаан хүн сураггүй болж, 19 хүн шархадсан тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Ейск хот нь Украины эзлэгдсэн газар нутгаас Азовын тэнгисийн нарийн зурвас хэсгээр тусгаарлагддаг юм. Сухой Су-34 нисэх онгоц барилгыг мөргөхөөс өмнө нисгэгч нь шүхрээр үсэрснийг эх сурвалжууд мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын онцгой байдлын сайд, эрүүл мэндийн сайд нарт ослын газарт очиж ажиллах үүрэг өгсөн байна.
Орон сууцны есөн давхар барилгад гарсан галыг бүрэн унтраасан тухай Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев сүүлд мэдээлжээ.
Онгоц пуужин тээвэрлэж явсан гэх мэдээллийг тэр няцаасан байна. “Хэрвээ зэвсэгтэй байсан бол барилгын тал нь л үлдэх байлаа” гэж Кондратьев ярьжээ.
Нийтдээ 250 иргэн, түүний дотор 40 хүүхдийг ослын газраас нүүлгэн шилжүүлсэн байна.
Онгоц сургуулилалтын нислэг үйлдэхээр агаарын баазаас хөөрөөд удаагүй осолджээ. Хөөрсний дараа хөдөлгүүрт гал авалцаж, барилгыг мөргөх үеэр шатахуун нь дэлбэрсэн гэж ОХУ-ын батлан хамгаалах яам урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
ОХУ-ын Холбооны Мөрдөн Байцаах Товчоо мөрдөгчдийг ослын газарт илгээж, хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Ерөнхийлөгч Путин хохирсон иргэдэд бүх талын тусламж үзүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн тухай Кремлийн ордноос мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters