Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн /аймгийн төвөөс баруун урд зүгт 164 км/-т Цагдаагийн журмын хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход журмын хашаанд 70 м2 хэмжээтэй газар шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжинд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны зүүн талд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжинд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 22:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байр11 дүгээр давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан очиход тус байрны аврах гарцны тагтан дээр хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Эртний сайхан” амралтын газарт харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан очиход иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Хангамжийн хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход “Дэйвүү” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгын 1 дүгээр гудамжинд шар өвс шатаж гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах авраах ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход 2 га орчим газар шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Д-ийн 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг, зүүн талын хана тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Балхай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-тМалчин Н-ын өвөлжөө 10.18-ны өдрийн 12 цагийн үед шатсан тухай мэдээллийг 10.18-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин Н-ын 0.6 га талбайтай малын хашаа болон хураалттай 2.5 тн өвс шатаж байсныг 10.18-ны өдрийн 21:30 цагт унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Хүннү” зочид буудлын хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 19:36 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Н-ийн эзэмшлийн “Тоёота королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой)Сийрст багийн “Цэций-Уул“ хорооллын 6 дугаар гудамжинд автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 00:01 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ц-ийн эзэмшлийн улсын дугааргүй, “Микро” загварын автомашины бүхээг, 3×2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Шинэ-Алтай” захад авто засварын газрын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Д-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй автомашины сэлбэгийн дэлгүүр, 5х6 хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 55 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн “Уужмын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 10.18-ны өдрийн 17:25 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Буга-Уулын Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.18-ны өдрийн 18:05 цагт цурамд оруулж, 10.19-ний өдрийн 00:20 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 10.18-ны өдрийн 08:00 цагаас 19:40 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар, “Орхон” голын гүүрний баганад тэмтрүүл ашиглан самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.19-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top