1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 25-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй баг /аймгийн төвөөс зүүн зүгт 24 км/-т “Алтанбулаг” зоогийн газрын гал тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход С-ийн Алтанбулаг зоогийн газар, зочид буудлын зориулалттай 35х20 метрийн хэмжээтэй 2 давхар /палкан/ байшин шатаж байсныг ажиллан бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Худалдааны гудамж үйлчилгээний зориулалттай 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 18:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 8х17 метрийн хэмжээтэй 2 давхар үйлчилгээний зориулалтай /зочид буудал, ресторан, караоке/ 2 давхар барилгын шал шатаж байсныг ажиллан бүрэн унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Орон сууцны задгай граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 02:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 6х4 метрийн хэжмээтэй граж дотор хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын 50 дугаар байр “Ворлд Монголиа Тауэр” 16 давхар барилгын дээвэр дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын цахилгаан шатны техникийн өрөө, дээврийн хэсэг /террас/ тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.19-ний өдрийн 08:00 цагаас 18:40 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас зүүн зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, Орхон голын гүүрний 2 дахь тулгуур баганд тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР