Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, говь, талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, 0-5 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 08:04 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн хогийн 7х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай” гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн 4 дүгээр гудамжинд суудлын автомашин, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын “УАЗ220692” загварын автомашин, 4 тонн орчим өвс шатаж байсныг 2 цаг 45 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 4 ханатай гэр, иргэн Х-ын 5 ханатай гэр, “X-трайл” загварын суудлын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багийн “Баруун хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Тарган” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хулст” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Иргэн С, 10.22-ны өдрийн 19:00 цагийн орчим тэмээгээ хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн отроор нүүдэллэж явсан иргэн С /18 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.23-ны өдрийн 10:00 цагт Жаргалант багийн Давст гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон. 

Усанд суусан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Бэрхийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/Орхон голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн П-ийн “Раб-4” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 19:30 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top