Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбарын барааны няравуудын сургалт эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Мөнхбат, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Гамшиг, ослын үед хэрэглэх шаардлагатай хүнс, бараа материал, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн урьдчилан байршуулах, хүмүүнлэгийн ажиллагааны горим, Онцгой байдлын үеийн гааль, ачаа тээвэрлэлт логистик, бараа хадгалалт, агуулахын бэлэн байдал зэрэг сэдвээр алба хаагчид багаар ажиллаж, харилцан туршлага солилцоно.
Сургалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.