Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал:  27-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 00:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 01:05 цагт очиход “Гэрэлт цамхаг-Орд” ХХК-ийн ажилчдын 4×8 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанХөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт И /4 настай, эрэгтэй/ өртөж бага зэрэг түлэгдсэн тул тус сумын хүн Эмнэлэгт хүргэж өгсөн.   

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Бургас багт 10.25-ны өдрийн 17:27 цагт 2 гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Тус сумын харьяат иргэн М-ийн 5 ханатай 2 гэр шатсан тул орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Гучин-Ус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 18:10 цагт ирүүлсэн.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 01:00 цагт очиход цоожтой 3×5 метр хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:25 цагт очиход иргэн А-гийн 4×6 метр хэмжээтэй байшин, хураалттай байсан 5 ханатай гэр, “Раум” загварын суудлын автомашин галын дөлд хайрагдан шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан баг /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т, сумын төвд/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 02:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 27 км зам туулан 03:10 цагт очиход иргэн Х-гийн 40 тонн өвс шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.   

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 04:05 цагт очиход иргэн Э-гийн “Хариер” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрТөв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Заан Тэрэлжийн сүв” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд згт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хүмүүс 45 км зам туулан 16:25 цагт очиж ойн түймрийг унтраахаар ажиллаж 19:23 цагт цурамд оруулсан бөгөөд  тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км зам туулан 19:20 цагт, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 56 км зам туулан 19:20 цагт “Сүвийн бэлчир” гэдэг газар /түймрийн голомтоос 13 км-т/ тус тус хүрэлцэн очсон.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян багийн “Уушгийн тариа бригад” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 12:44 цагт унтраасан. /30 га талбай/

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.25-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т 1 удаа, мөн осолдсон газраас хойд зүгт “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 2 удаа, нийт 76 км-т завиар урсч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.26-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.25-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан-Эрэг” гэдэг газраас Сэлэнгэ мөрний зүүн эрэг “Охиндий” гэдэг газар хүртэл 30 км-т, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.10.26-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.25-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Байдраг багийн “Цахрын даваа” гэдэг газраас “Хавцалт замбал” гэдэг газар хүртэл явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хорооллын хашааны гадна/ 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас 4 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлагыг 10.25-ны 20:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход 5 ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн 4 хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top