Төлөвлөлтийг үнэлгээний үр дүнтэй уялдуулан боловсруулахад сургана

viber_image_2022-10-26_11-29-29-827.jpg

Монгол Улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль эрх зүй, бодлого, институцын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж, дуусах шатандаа ороод байна.

Дээрх төслийн хүрээнд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хэрхэн боловсруулж төлөвлөх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд уялдуулан боловсруулах нь” сургалтыг үндэсний болон аймаг, орон нутгийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Үндэсний хэмжээний сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад холбогдох яам, агентлагийн төлөөлөллөөс бүрдсэн нийт 40 орчим оролцогч хамрагдаж байна.

Цаашид энэхүү сургалтын үргэлжлэл болгон Орхон, Ховд, Дорнод аймгуудад орон нутгийн түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүн, арга аргачлалыг танилцуулж, эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг сайжруулах, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулах, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top