ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Эрэн хайх, аврах салбар нь Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Эмнэлгийн хуучин байрыг шилжүүлэн авч, аймаг, орон нутгийн дэмжлэг болон алба хаагчид өөрсдийн хүчээр 4 төрлийн 57,8 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэн, ажиллах орчин нөхцлөө сайжруулжээ.
Бугант, Ерөө, Хүдэр сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг тус салбарын алба хаагчид байгуулагдснаас хойш 30 орчим дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь нас, 2,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Газар нутгийн онцлогоос шалтгаалан ой, хээрийн түймэр, усны осол, ууланд төөрсөн, сураггүй болсон дуудлагууд зонхилдог.
Бригадын генерал Ж. Чүлтэмсүрэн үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгааг сайшаан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.