НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын баг, Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн хуралдаан боллоо

IMG_9868.jpeg

НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын баг, Эрэн хайх аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн хуралдаан энэ сарын 26-29-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.

Тус хуралд Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн гишүүн, ОБЕГ-ын Эрсдэлийн удирлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцож, стратегийн баримт бичгийн боловсруулалтад ажиллаж байна.

Энэ удаагийн хуралдаан нь Зөвлөлдөх бүлгийн 30 жилийн хүрээнд, мөн олон улсад эрэн хайх, аврах ажиллагаанд 2021-2026 онд баримтлах стратегийн баримт бичгийг танилцуулах, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн стратегийг боловсруулах, 2022 онд дэлхий дахинд зохион байгуулсан эрэн хайх аврах, ажиллагаа, үнэлгээ зохицуулалтын талаарх тайланг хэлэлцэх зорилтын хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсаас далайд гарцгүй улс орнуудын үндэсний чадавхыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах багуудыг байгуулахад тулгарч буй бэрхшээл, хүндрэлүүдтэй холбоотой анхаарах саналуудыг гаргалаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2003 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Олон улсын түвшинд хотын эрэн хайх, авран туслах чадавхыг дэмжиж, бодит үр дүнг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах” тухай 57/150 дугаар тогтоолыг гаргасан.

Уг тогтоолд аливаа томоохон гамшиг тохиолдсон үед эрэн хайх, аврах олон улсын багуудыг тухайн нэрвэгдсэн улс оронд ирүүлэх, хилээр нэвтрэх, байрлах, ажиллагааг зохион байгуулах, удирдах, түргэвчилсэн хүмүүнлэгийн хэрэгцээний үнэлгээ хийх, голомтод хариу арга хэмжээг үндэсний багуудтай хамтран зохион байгуулах зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, багуудын техник хэрэгсэл, аврах ажиллагаан ашиглах холбооны хэрэгсэл, эрэлч нохойг гаалийн хяналтаар нэвтрүүлэх, олон улсын болон үндэсний дүрэм журмуудын уялдааг сайжруулах тухай шийдвэрүүдийг тусгасан юм.

Түүнчлэн НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийг анх 1985 онд Мексик, 1988 онд Армен Улсад тохиолдсон томоохон газар хөдлөлтөөс сургамж авч, газар хөдлөлтийн үед нэрвэгдсэн улсуудын хот сууринд эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ингэхдээ стандарт хангасан эрэн хайх аврах олон улсын түвшний багуудыг бэлтгэх зорилгоор байгуулжээ.

Зөвлөлдөх бүлэг нь НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Гамшгийн хариу арга хэмжээг дэмжих салбарын Голомт дахь хариу арга хэмжээг зохицуулах газарт харьяалагддаг бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Номхон далайн бүсийн 90 гаруй улс орныг эгнээндээ нэгтгэсэн үйл ажиллагаа явуулж, дэлхий дахинд дунд түвшний бэлтгэгдсэн 22 эрэн хайх, аврах олон улсын баг, хүнд түвшний 35 багийг байгуулж итгэмжилсэн байна.

Мөн зөвлөлдөх бүлэг нь тактик үйл ажиллагааны түвшинд зохицуулалтаар хангаж ажилладаг бол НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын баг нь стратегийн түвшинд бодлогын дэмжлэгийг гишүүн улс орнуудад үзүүлэхээс гадна үндэсний Хүмүүнлэгийн багуудтай уялдаатай ажиллаж, гамшгийн үед тухайн нэрвэгдсэн улс орны нэн тэргүүний хүмүүнлэгийн хэрэгцээг тодорхойлох зорилгоор бэлтэгдсэн олон улсын багийг тухайн улс оронд ажиллуулж, гамшгийн удирдлагыг хэрэгжүүлэх, нэрвэгдсэн иргэдэд олон улсын яаралтай тусламжийг хүргэх, хүнс, бараа материал, эрэн хайх, аврах багуудыг нэгдсэн зохицуулалтаар хангах удирдлагын штабыг байгуулан ажилладаг аж.

НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн ажиллагааны удирдамж (UNDAC/INSARAG Guidelines 2020)-ийг 2020 онд шинэчилсэн бөгөөд Үндэсний эрэн хайх, аврах итэмжлэгдсэн багуудад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг (National Accreditation Working Group)-ийг шинээр байгуулсан нь олон улсын баг бэлтгэх улс орнуудын зорилгод чухал үүрэгтэй байна.

Мөн Зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа нь цаашид хотын эрэн хайх, аврах чиг үүргээс гадна үер, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан томоохон гамшгийн үед ажиллах чадавхыг бэхжүүлэхэд чиглэх хандлагатай байгаа юм.

Сингапур Улсын Иргэний хамгаалалтын газраас Эрэн хайх, аврах олон улсын багийг шинэчлэн, итгэмжлүүлж 2022 оны 10 дугаар сард байгуулсан нь сайн жишээ боллоо. Мөн дараагийн итгэмжлэлд БНХАУ, Индонез зэрэг улс орнууд хамрагдахаар хүсэлтээ илэрхийлсэн байна.

2023 онд Зөвлөлдөх бүлгээс нийт 36 сургалт, уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, Шинэ Зеланд Улс дараагийн бүсийн  хуралдааныг ирэх 4 дүгээр сард зохион байгуулахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top