Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цас орж, Дорнод, Дорноговь аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говийн бүс нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 11 дүгээр сарын 1-2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 31 болон 11 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвт багт иргэн Б-гийн байшин, хашаа шатсан тухай мэдээллийг 10.29-ний өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд очиход иргэн Б-гийн 3х7 метрийн хэмжээтэй байшин, 9 метр хашаа шатаж байсныг 59 минут ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:47 цагт очиход О-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Бөхөн-Уул” багийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:29 цагт очиход иргэн Т-гийн хураалттай 6 ханатай 2 гэр шатаж байсныг 01:15 цаг ажиллан унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 15:27 цагт очиход 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход иргэн М-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:47 цаг ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн М угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:02 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 16:33 цагт очиход иргэн Т-гийн хураалттай 1.5 тн өвс шатаж байсныг 47 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 23:57 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрДорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн “Бургаст хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 11:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд 35 км зам туулан 12:15 цагт очиж, 01:44 цаг ажиллан 13:30 цагт цурманд оруулсан бөгөөд 14:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.29-ний өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т 1 удаа, мөн осолдсон газраас хойд зүгт “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 2 удаа, нийт 76 км-т завиар урсч, осолдсон газарт 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.30-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.29-ний өдрийн 07:00 цагаас 19:30 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top