Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дундговь, Увс аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 12-14 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна, 11 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31 болон 11 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөвөр багт иргэн У-гийн байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б.Урандайгийн 8х10 метрийн хэмжээтэй байшин 10.28-ны өдрийн 05:30 цагт шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 3 цаг 40 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг Цагаан-Овоо сумын Засаг даргын орлогч 10.28-ны өдрийн 09:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Төмөр зам”-ын “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 07:23 цагт очиход иргэн Э-гийн 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.   

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:55 цагт очиж 5 минут ажиллаж унтараасан. 

Багануур дүүргийн 13 дугаар хороонд dайшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийнн алба хаагчид 4.5 км зам туулан 15:21 цагт очиход иргэн А-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 16:35 цагт очиход иргэн Н-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Жигжид”-ын зуслангийн “Задгай”-д түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагч 2.5 км зам туулан 19:36 цагт очиход иргэн Г-гийн 3×4 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.   

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 20:56 цагт очиход иргэн Д-гийн хашаанд шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн “Үйзэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 43 км-т/ 10.28-ны өдрийн 11:08 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 11:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өлзийт сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.28-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т 1 удаа, мөн осолдсон газраас хойд зүгт “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 2 удаа, нийт 76 км-т завиар урсч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.29-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.27-ны өдрийн 07:00 цагаас 19:30 цаг хүртэл Байдраг багийн Хавцалт замбал гэдэг газраас Бага байдас гэдэг газар хүртэл явганаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.28-ны өдөр бүлэг холбоонд орооогүй. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 10.28-ны өдрийн 06:05 цагт Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллахаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн чиглэлд явж 18:00 цагт “Замбал” голын эрэг дээр хүрэлцэн очиж хоноглосон. 10.29-ний өдрийн 08:00 цагт “Хавцалт замбал” гэдэг газрын чиглэлд явганаар явсан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top