Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглах талаар эрдэмтэд хэлэлцэж байна

IMG_9917.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн судалгааний хүрээлэн хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглаж хамтын ажиллагааг дээшлүүлэх” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөг нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд туршлага, мэдээлэл солилцож, харилцан хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг гамшгийн төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Үүнд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна. Бид ч хамтран ажиллах хэрэгцээ шаардлага тулгараад байна.

Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ бодлогын баримт бичгийн хүрээнд 2021-2024 онд хэрэгжүүлэх Ази-Номхон далайн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг 2021 онд баталсан. Төлөвлөгөөний дагуу бид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд шинэ арга барилаар өөрчлөн хэрэгжүүлэх, өргөжүүлэх, сайн туршлага, шинэ инновацыг нэвтрүүлэхээр зорьж байна.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч бүх талууд, ялангуяа шинжлэх ухаан судалгааны байгууллага, бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгоход ихээхэн оролцоотой” гэж энэ оны 9 дүгээр сард Австрали Улсад зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурлын үеэр онцгойлон яригдсан.  

Иймээс цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байгаа бөгөөд энэхүү өдөрлөгөөс гарах та бидний санал Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийг даван туулах чадавхыг бий болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэгт бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Өдөрлөгийн үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд зөвлөлийг байгуулах талаар санал зөвлөмжийг боловсруулах юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг үр дүнтэй ашиглах, шинжлэх ухааны байгууллага их дээд сургуулиуд дээр хийгдэж буй судалгаа туршилтын ажлууд, судалгааны лабораторийн техникийн хүчин чадал, нөөц бололцоог ашиглах боломжийг судлах зорилгоор өдөрлөгт оролцогчд ШУА, их дээд сургууль, бусад холбогдох байгууллагуудаар танилцах ажиллагааг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top