Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 7-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 4-ний өдрөөс бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж,  Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, автозамын зорчих хэсэг Нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Аэро сити 540” загварын нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ын 4×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ойн булаг” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10×12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.        

Төв аймгийн Зуунмод сумын Ланс багийн Дэнжийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 18:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.       

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:    

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Эхэн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ Тус сумын харьяат малчин Ү 11.02-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Ү /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top