1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 111 км, сумын төвд/, солбицол: /48°13′58.6308”N,106°18′4.1832”E Иргэн Б-гийн хашаанд өвс шатсан тухай мэдээллийг 11.03-ны өдрийн 06:46 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Б-ийн хашаанд 50.3 тн өвс шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 7/А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 4х6 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Ялалт” хороолол байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 49 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 23:19 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ойн булаг” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 01:02 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дотор талын хэсэг шатаж байсныг унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой багийн “Дөтлүүр уруудах” гэдэг газар зам тээврийн осол гарч 2 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын автомашин, “Тоёота Камри” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-30” загварын автомашин автозамын хажуу руу унаж иргэн Г /52 настай, эрэгтэй/, Д /47 настай, эмэгтэй/, Э /1 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гарган, Багануур дүүргийн Эрүүл мэндийн түргэн тусламжийн эмч, Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн хэсгийн тээврийн цагдаад тус тус хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, автозамын хажууд автомашин унасан байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай, эрэгтэй/, А/56 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар “Ниссан Н-200” загварын суудлын автомашинтай Багануур дүүрэг, 2 дугаар хорооны төв автозамын баруун талд унасан байсныг ажиллаж 3 иргэнийг автомашинаас гаргаж, мөн автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Эхэн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т тус сумын харьяат малчин Ү 11.02-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Ү /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.03-ны өдрийн 04:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 08:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 400 м зайд Наран багийн “Эхэн худаг” гэдэг газраас цогцсыг олж, сум дундын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км/-тМалчин С, П нар 11.02-ны өдрийн 15:00 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Эрдэнэбулган сумын харьяат С /15 настай, эрэгтэй/, Тариалан сумын харьяат П /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 11.03-ны өдрийн 23:10 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Цас шавар, мөс цөмөрч суусан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн “Дайргын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 8 км/-тСуудлын автомашин “Дайргын гол”-д суусан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 05:12 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 том хүн, 2 хүүхэдтэй “Бинго” загварын суудлын автомашин “Дайргын гол”-д мөс цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 9 давхраас эмэгтэй хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /26 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилготойгоор тагтан дээрээ гарсан байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон, буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР