Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт олон хүн бөөгнөрч, улмаар 157 хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан. Тус ослын үеэр хохирогчдыг аврахын тулд чадах бүхнээ хийж байсан баатруудыг алдаршуулсаар байна.
Энэ сарын 3-ний өдөр ослоос амьд гарсан нэгэн залуу хар арьст эрэгтэй аврах багийнхан ирэхээс өмнө хүмүүсийг аварч байсан тухай мэдээлжээ. Тэрээр оройн 18:00 цагийн орчимд таван найзын хамтаар Итэвоныг зорьжээ. Явсаар Хэмилтон зочид буудлын гадаа ирсэн тэрээр хоёр талаас ирж буй хүмүүсийн дунд гацаж, улмаар ухаан алдан унасан байна.
Удалгүй сэргэсэн тэрээр дөрвөн залуугийн дунд гацсан байжээ. Түүнийг нэгэн хар арьст эрэгтэй татаж гаргасан бөгөөд тэрээр “Өндөр хар арьст эр талбайгаас лууван зулгааж байгаа мэт намайг татаж гаргасан. Би 182 см өндөр, 96 кг жинтэй. Гэсэн ч тэр намайг хажуугийн гудамж хүртэл үүрч явсан. Түүнтэй хамт хоёр гадаад залуу байсан. Аврах багийнхан ирсний дараа тэд хаашаа ч юм алга болчихсон. Ослын дараа намайг аварсан хүнийг олохын тулд олон нийтийн сүлжээ болон юүтүб сувгаар дамжуулан зөндөө хайсан. Түүнтэй биечлэн уулзаж, талархал илэрхийлмээр байна” гэжээ.
Түүнийг татаж гаргасныхаа дараа хажуугийн гудамжинд аваачаад буцаад бөөгнөрсөн хүмүүсийг зорьсон хар арьст эр ойролцоогоор 30 орчим хүнийг ийнхүү бөөгнөрөл дундаас татан гаргажээ.