Хятадад Covid-19 халдварын тохиолдол сүүлийн зургаан сарын дээд хэмжээндээ хүрлээ

bojsx7_china_covid_x974.jpg

Бямба гарагт Хятад улс даяар Covid-19 өвчний халдварын 4.420 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн зургаан сарын хамгийн өндөр өсөлт болжээ.

Өмнөх өдөр нь 3,659 халдварын тохиолдол бүртгэгдээд байсан юм.

Хэдийгээр энэ нь дэлхийн бусад улс орнуудын өвчлөлтэй харьцуулахад өчүүхэн бага боловч сүүлийн бараг гурван жилийн хугацаанд цар тахалтай хамгийн хатуу аргаар тэмцэж буй Хятад улсын хувьд өндөр үзүүлэлт болж байна.

Бямба гарагт тус улсын халдварт өвчинтэй тэмцэх албаны төлөөлөгч Ху Шянь хэлэхдээ Хятадын “тэг ковид” стратеги “хамгийн зөв бөгөөд эдийн засгийн хувьд хамгийн үр дүнтэй арга” болохыг батлан илэрхийлсэн юм.

“Бид хүн амынхаа эрүүл мэнд, амь насыг тэргүүнд тавих зарчмыг хатуу сахиж, гадаадаас зөөвөрлөх, дотоодод тархахаас сэргийлсэн өргөн цар хүрээтэй стратегийг тууштай баримтлах ёстой” гэж тэр хэлсэн байна.

Хэдийгээр Хятадын олон нийт “тэг ковид” стратегийг эсэргүүцэх явдал нэмэгдэж, дэлхий нийт вирустэй зэрэгцэн амьдрах замыг сонгоод байгаа ч Бээжингийн эрх баригчид ойрын үед бодлогоо өөрчлөх шинжгүй байгаа юм.

Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх том эдийн засагтай Хятад улс цар тахалтай тэмцэх арга хэмжээгээ сулруулж болзошгүй гэсэн мэдээ тарсны дараа өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөж байв.

Гэвч зарим шинжээчид ирэх оны гуравдугаар сард болох тус улсын парламентын жил тутмын нэгдсэн чуулганыг өнгөртөл “тэг ковид” стратеги сулрах магадлал бага гэж үзэж байна.

Бямба гарагт албаны хүний хийсэн мэдэгдлийн дараа Голдмэн Сакс банкны шинжээчид “эдийн засгаа нээхэд Хятадын эрх баригчдад бэлтгэл хангах дахиад хэдэн сарын хугацаа хэрэгтэй байгаа бололтой” гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Aljazeera

scroll to top