Танзанийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц Викториа нуурт унаснаас 19 хүн амиа алдав

euuhjw_tanzania_air_crash_x974.jpg

Ням гарагт Танзани улсын иргэний агаарын тээврийн нисэх онгоц Викториа нуурт унаж осолдсоны улмаас хамгийн цөөндөө 19 хүн амь үрэгдсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Тус улсын санхүүгийн төв Дар-эс-Салаам хотоос хөөрсөн Precision Air компанийн нисэх онгоц нуурын эргийн Букоба хотод газардах гэж байгаад осолдсон юм байна. Precision Air бол Танзанийн агаарын тээврийн хамгийн том хувийн компани юм.

Онгоц газраас 100 метрийн өндөрт байх үед цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэл бий болж, ослын буулт гүйцэтгэхэд хүргэсэн байна.

Онгоцны ихэнх хэсэг нуурын усанд живж, зөвхөн сүүл хэсэг нь ил харагдаж байгааг сошиал сүлжээнд тарсан зураг дүрсүүд харуулжээ.

Викториа бол Африк тивийн хамгийн том нуур юм.

Осолдох үедээ нийт 39 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүнтэй байсан онгоцноос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж буйг албаныхан мэдээлжээ.

Франц-Италийн хамтарсан ATR компанийн ATR42-500 загварын онгоц осолдсон болохыг Precision Air мэдээлсэн байна. Танзани улсын ерөнхийлөгч Самила Сулуху Хассан “Precision Air компанийн онгоц осолдсон тухай муу мэдээг би хүлээж авлаа. Аврах ажиллагаа үргэлжилж буй энэ эгзэгтэй үед тайван байцгааж, бурхнаас аврал гуйн залбирцгаая” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

scroll to top