Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эхээр -5-аас-10 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -1-ээс-6 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2-оос+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +9-өөс+14 градус, бусад нутгаар +3-аас+8 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө +5 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25-аас-30 градус, өдөртөө -14-өөс-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20-оос-25 градус, өдөртөө -9-өөс-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-аас-11 градус хүйтэн, өдөртөө -1-ээс+4 градус, бусад нутгаар шөнөдөө -12-аас-17 градус, өдөртөө -3-аас-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 24 дүгээр байр нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 09:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 15х30 метрийн хэмжээтэй нийтийн байрыг түрээслэгч иргэн П-ын /80 м2/, иргэн Х-ийн /240 м2/ тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн хашаанд 3х9 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн постноос урд зүгт 2 км/-т том оврын автобус ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 20:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагдыг очиход Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд явсан 45 хүний суудалтай Хюньдай Юнивэрс загварын автобус Б-ийн жолоодож явсан Исузу Форвард загварын /2 зорчигчтой/ ачааны автомашинтай мөргөлдөж, ачааны автомашинд зорчиж явсан иргэн Н/ 20 настай, эрэгтэй/, иргэн Н/21 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, автобусанд зорчиж явсан иргэн К / 43 настай, эрэгтэй/, иргэн З / 42 настай, эрэгтэй/, иргэн Ш / 47 настай, эрэгтэй/ нар автобусны төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эдгээр иргэд болон хөнгөн бэртсэн 23 иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгч, автобусны жолооч Н /64 настай, эрэгтэй/ ны цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 90 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 65 км/-т11.04-ний өдөр 8 хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13:00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 11.08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.09-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top